ЦАР ТАХЛЫН ШИНЭ ДАВАЛГАА НЭМЭГДСЭЭР…

Коронавирусийн халдвараар Америк, Энэтхэг, Бразил, Франц, Турк зэрэг улсууд толгой цохиж байна. Дэлхий даяар 181 сая хүн цар тахлаар өвчилж, Азийн орнуудад цар тахлын тархалт эрчимжиж эхэллээ. Япон, Солонгос зэрэг улс орнууд хэсэгчилсэн хөл хорионы арга хэмжээ авч байгаа бол Австрали улсад халдварын тохиолдол өсөх хандлагатай байна. Австрали улсын Шинэ өмнөд Вэльс мужид коронавирусийн Дельта хувилбар тархаж байгаагаас шалтгаалан Сиднейн бүсэд хөл хорио тогтоов. Энэ бүсэд 5 сая гаруй хүн амьдардаг ба Дельта хувилбараар халдварласан 110 тохиолдол бүртгэгдлээ.

Дархлаажуулалтаараа дэлхийд тэргүүлж байсан Израиль улсад коронавирусийн халдвар нэмэгдэх болжээ. Израилийн Эрүүл мэндийн яамнаас иргэддээ амны хаалт зүүх шаардлагыг дахин тавьж эхэллээ. Тус улсад сүүлийн өдрүүдэд коронавирусийн халдвар хоногтоо 100 тохиолдлоор нэмэгдэж байгаа аж.

ДЭМБ-ын мэдээллээр Дельта хувилбар нь өнгөрсөн 12-р сард Энэтхэг улсад илэрсэн. Харин Франц улсад 5.7 сая хүн коронавирусийн халдвараар өвчилж, 111 мянган хүн амь насаа алдаад байна. Тус улсад хэсэгчилсэн хоригууд тавигдаж 6-р сарын 30 хүртэл тоглолт, шөнийн клубүүд ажиллахгүй юм байна. Харин Герман улсад 3.7 сая хүн коронавирусийн халдвараар өвчилж, 90 гаруй хүн амь насаа алдаад байгаа тул амны хаалттай иргэдэд дэлгүүр, нийтийн тээвэр үйлчлэхээр болж, энэ сарын 30-наас эхлэн гэрээсээ ажиллах чиглэлийг өгөөд байна. Польш улсад 6-р сарын 26-наас кино театр, музей, ресторануудад 75 хувийн дүүргэлттэйгээр ажиллах ба шөнийн клубт 150-иас дээш хүнд үйлчлэхгүй байхаар зохицуулжээ.

Энэ мэт Европын улс орнуудад хэсэгчилсэн хязгаарлалт хийгдэж байгаа бол Азийн улс орнуудад коронавирусийн халдвар нэмэгдсээр байна.

НҮБ-ын Хүн амын сангийн сүүлийн статистикаас харахад Дэлхийн нийт хүн амыг 7 тэрбум 795 сая гэж тооцоолж, дэлхийн хүн амын 3 гаруй хувь нь коронавирусийн халдвар авсан гэх мэдээллийг өгөөд байна.

Эх сурвалжаас Н.Лхамсүрэн

Сэтгэгдэл
Уншиж байна...